Үзсэн тоо: 3706

    Зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор 8 сарын 1-нээс зуслангийн газрын тооллого, бүртгэлийг эхлүүлэх тухайгаа нийслэлийн Өмчийн харилцааны газраас өчигдөр мэдээллээ. Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газруудад хийсэн урьдчилсан тооллогоор 47943 газрын 24793 нэгж талбарт газар өмчлөх боломжтой хэмээн тогтоожээ. Үүнд ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх юм. Одоогоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь бэлэн болсон Зуунмод, Хандгайтын Богино, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнт, Ар хустай, Шарга морьт зэрэг газарт өмчлүүлхэх ажлыг эхлүүлэх юм байна. Ирэх сараас эхлэн дүүргүүдийн газрын албаны хүмүүс өмчлүүлэх боломжтой газруудыг нарийвчлан, тэмдэглэгээ хийснээр тэнд нь иргэд хашаагаа татах боломж бүрдэх аж.

       Харин дээр дурдсан хориглосон газруудад хашаа хатгаж, байшин барьса айлуудыг нүүлгэнэ гэж нийслэлийн Өмчийн харилцааны газрын ахлах мэргэлжилтэн Ц. Шижир ярив. Эдгээр газарт эзэмшлийн гэрчилгээтэй бол үүнийг нь хүчингүй болгох аж. Түүнчлэн иргэдэд чирэгдэл хүндрэлгүй үйлчлэх үүднээс зуслангуудын аманд газар өмчлөлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх өмчлөлийн зургаан түр товчоог байгуулахаар болжээ. Өмнө нь Нийслэлд газар өмчилж авсан бол гэр бүлийнхээ бусад гишүүний нэр дээр зуслангийн газраа өмчилж авах боломжтой гэнэ.

Мэдээллийн эх сурвалж: Өнөөдөр сонин /№173 2013-07-30/